Захирлын мэндчилгээ

Хангай дээд сургуульд шинээр элсэн орсон суралцагч та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе! Шинжлэх ухаан, техник технологи өндөр хөгжсөн энэ үед мэдээллийн технологи, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, хөрвөх чадвартай, ирээдүйн монгол улсын хөгжлийн төлөө зүтгэх боловсролтой, хүмүүжилтэй иргэдийг бэлтгэн төгсгөдгөөрөө бид бахархдаг билээ. Сургууль байгуулагдсан цагаас эхлэн соёлтой, боловсролтой, мэргэжлийн ур чадварыг төгс эзэмшсэн боловсон хүчийг бэлтгэн төгсгөсөн бөгөөд өдгөө 10 000 гаруй төгсөгчдийг өлгийдөн авч, амьдралын гараанд амжилттай чиглүүлэн төгсөгчдөөрөө бахархаж, төгсөгчид сургуулиараа бахархаж харилцан эргэх холбоотой ажилласаар ирсэн. Энэхүү хичээлийн жилд багшлах боловсон хүчин, сургуулийн анги танхим, сургалтын орчин, дадлагын бааз, сурах бичиг улам боловсронгуй болон шинэчлэгдэж олон улсын түвшинд эн зэрэгцэхүйц болсон билээ. Мөн түүнчлэн гадаад харилцаа улам өргөжин жил бүр гадаадад тэтгэлгээр суралцах оюутны тоо нэмэгдсээр байна. Амжилтын үндэс нь зорилго, тэмүүлэл, идэвх зүтгэл, тууштай бүтээлч хөдөлмөрийн үр дүн юм. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” Эрдмийн энэ их өргөөндөө эзэн нь байж, амжилттай төгсөн Монгол орныхоо ирээдүйн хөгжилд манлайлан оролцохыг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн Т.ЦЭНД-АЮУШ